БАГШИЙН БҮТЭЭЛИЙН САН
Багшийн ажлын даалгавар, үр ашиг, үр дүн, бүтээмжийг үнэлэх нь төвөгтэй ажил байдаг. Багшийн ажлын бүтээмжийг үнэлэх нэг шалгуур нь бүтээлийн сан юм.
БАГШИЙН БҮТЭЭЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?
Багшийн бүтээлийн сан гэдэг нь багшийн бүтээлч ажлын цуглуулга юм. Зураач хүн өөрийнхөө ажлыг цуглуулж бүтээлийн сан бүрдүүлсэн шиг, багш хүн өөрийнхөө авьяас чадварыг тодруулсан бүтээлийн сан хийж болно. Бүтээлийн санд тухайн багшийн ур чадвар, мэдлэг туршлагыг илэрхийлж онцолсон бүтээлүүдийг оруулж болно. Бүтээлийн сан нь суралцагч болон хамтран ажиллагчидтайгаа харилцах харилцаа, хичээл үр дүн, үнэлгээ өөрийн ажилд шүүмжлэлтэй хандах боломжтой холбоотой. Бүтээлийн сан нь дараах зүйлсийг агуулж болно. Үүнд:
- Багшийн туршлага
- Хичээлийн тодорхойлолт: хугацаа, анги, агуулга
- Тухайн багшийн багшлах үйлийн талаарх үзэл бодол, зорилго
- Өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэх зорилготой гаргасан баримт бичиг, сургалт, хөтөлбөрт хамрагдсан байдал
- Боловсруулсан хичээлийн төлөвлөгөө, тараах материал, гарын авлага, бичиг баримт материал, тэмдэглэл
- Суралцагчдын хийсэн тест, ангид хэрэгжүүлсэн төслийг үнэлсэн үнэлгээний хуудас
- Хичээлийн видео болон аудио хуурцаг
- Өөрийн чинь талаар хамтран ажиллагч чинь ажиглалт хийсэн сурган хүмүүжүүлэх тэмдэглэл
- Багшлах үйл ажиллагаандаа тусгасан баримт бичиг
- Сургалтын хэрэглэгдэхүүн
- Багшийн ажлын тайлан, хийсэн ажлууд материалуудын хамт
- Тухайн жилийн даасан анги, заасан цаг, хичээл заасан сурагчийн тоо, сурлагын амжилтууд, сурагчийн амжилтууд
Багшийн бүтээлийн сан гэдэг нь багшийн өөрийнх нь ур чадварын өсөлт хөгжил, ахиц дэвшлийг харуулах дадлага туршлага, үүрэг хариуцлагыг илэрхийлсэн үйл ажиллагааны тухай баримт бичиг юм. Бүтээлийн сангийн хэмжээ янз бүр байхаас гадна үргэлж баяжигдаж байна.
БАГШИЙН БҮТЭЭЛИЙН САНГ ЯАЖ АШИГЛАХ ВЭ?
Багшийн бүтээлийн сан нь багшлах ажлын зорилго, агуулга, үр дүн, хяналт, шийдвэр гаргалтыг бодитой үнэлэхэд, мөн багш мэргэжил, ур чадвар сурган хүмүүжүүлэх харилцааг улам боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой.
Багшийн ажлыг үнэлэхэд багшийн бүтээлийн сан бодит үнэлгээний үүрэг гүйцэтгэж чадна.
Багшийн бүтээлийн сан нь стандарт болон багшийн хичээлийг ажиглах, шалгах зэрэг уламжлалт үнэлгээний шалгууруудаас гадна дээр өгүүлснээр өргөн агуулгатай байна.
Багшийн бүтээлийн сан нь багшийн сонголт буюу үйл ажиллагаа болон түүний үр дүнгийн харьцааг үнэлэх боломж олгож болно. Үүнээс гадна багш нар өөрсдийнхөө бүтээлийн санг шинээр багшилж буй багш болон ахмад туршлагатай багшийн аль алинтай нь хуваалцахад багш нарт урам өгдөг.
БАГШИЙН БҮТЭЭЛИЙН САНГ ЯАЖ ҮНЭЛЭХ ВЭ?
Бүтээлийн санг мэргэжлээ өсгөхөд ашиглахаас илүүтэйгээр тухайн албан хаагчийн талаар дээд түвшний хүний шийдвэр гаргах судалгаанд ашиглагддаг.
Бүтээлийн сан бүр өөрийн гэсэн онцлогтойгоор хийгддэг. Багшийн загвар, тэр дотроо стандарт, багшлах үйл ажиллагааны түвшин зэргийг харгалзан багшийг ажилд авахад энэхүү сан чухал үүрэгтэй юм.
Багшийн бүтээлийн санд өөрийнхөө үүрэг хариуцлагыг тодорхойлсон байдал, багшийн арга зүй болон багшлах үйлийн чиг хандлагаа тодорхойлсон байдал, өөрийн заах арга, ур чадвараа дээшлүүлсэн, оролдлого чармайлтыг илэрхийлсэн тодорхойлолт, тухайн хичээлийн жишээ хөтөлбөр, тухайн багшийн талаар суралцагчдын өгсөн үнэлгээний дүгнэлт зэрэг үзүүлэлтүүдийг хамруулж болно.